3:29 PM Linux үйлдлийн системийн түүх | |
![]() Linux үйлдлийн систем нь нэгэн оюутны сонирхлоор санамсаргүй бий болсон түүхтэй. Хельсинкийн их сургуулийн оюутан Линус Торвальд 1991 оноос Linux системийг боловсруулж эхэлсэн байна. Түүнээс хойш олон мянган хүмүүс Linux системийг улам боловсронгуй болгох программыг зохиож иржээ. Linux үйлдлийн системийг санаачлан зохиогч нь Линус Торвальд юм. Гэвч Linux Journal сэтгүүлийг эрхлэн гаргадаг Specialised Systems Consultants компанийн захирал Питер Салусын үзэж байгаагаар Linux системийг боловсруулах ажил нь үнэн хэрэгтээ 1979 онд Торонто хотноо болсон Usenix ассоциацийн хурлаас эхэлсэн аж. Хуралд оролцогсдын нэг нь Амстердамын их сургуулийн профессор Эндрю Таненбаум байсан байна. Энэ талаар Питер Салус "АТ&Т корпорацийн төлөөлөгчид AT&T Unix SystemV үйлдлийн системийн бүрэн хувилбарын үнийг тогтоосон нь профессор бүрт ойролцоогоор 40 мянган ам.доллар оногдохоор, харин боловсролын байгууллагуудын хөнгөлөлттэй үнэ нь ойролцоогоор 7.5 мянган ам.доллар байсан байна. Ямар ч боловсролын байгууллага ийм хэмжээний хөрөнгө гаргаж чадахгүй байсан нь илэрхий боловч, багш нарын зүгээс оюутнууд Unix системийг судлах ёстой хэмээн үзэж байжээ. Профессор Эндрю Таненбаум ердийн компьютерт зориулж, Unix системийн Minix хувилбарыг бичсэн. Тэр үед оюутан Торвальд сургуулийнхаа Digital Equipment корпорацийн MicroVAX компьютер дээр ажиллахаас залхан Minix хувилбарын боловсруулалт дээр ажиллахаар шийдсэн бөгөөд үүний дүнд уг системийн үндсэн үйлдлүүд болох программуудын хооронд шилжих, файлын систем, драйвер зэргийг агуулсан гол цөм буюу Linux Version 0.02 үйлдлийн систем бий болжээ. Хэрэв Интернэт байгаагүй бол Linux энэ хэвээрээ л үлдэх байсан байх. Интернэтийн тусламжтай энэ системийн талаар олон мянган программистууд, мэргэжилтнүүд мэдсэн. Minix мэдээллийн хэсэгт Торвальд өөрийн боловсруулсан системийг танилцуулсны дүнд уг системийг ашиглах сонирхолтой хэн бүхэнд Интернэтээр дамжуулан үнэгүй тараах нь зөв юм гэсэн шийд гарсан нь маш оновчтой шийдвэр байлаа. Linux системийн эрх нь Free Software Foundation ассоциацийн General Public License лицензийн хүрээнд боловсруулагдсан байна. Энэхүү лиценз нь программын кодыг (source code) худалдах, хуулах, өөрчлөх эрхийг хүссэн хүн бүхэнд олгодог лиценз юм. Үүний үр дүнд дэлхийн бүх программистууд уг системийн программийн кодод шууд хандах боломжтой болж, Linux улам бүр боловсронгуй болж иржээ. 1994 онд сүлжээний ажиллагааг хангах хэрэгсэл, олон зуун программ, программын боловсруулалтыг дэмжих хэрэгсэл болон бусад олон функц бүхий Linux 1.0 үйлдлийн систем бий болсон. Dataquest компанийн мэдээгээр Linux системийг ашиглагч компанийн тоо зөвхөн 1999 онд 27 хувиар өсч, хэрэглэгчдийн тоо 7 саяд хүрсэн байна. Энэ онд International Data корпорациас АНУ, Канадын 788 байгууллага, компанийн дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагсдын 13 хувь нь уг системийг ашигладаг нь тогтоогджээ. Сүүлийн үед Oracle, Netscape зэрэг томоохон программ хангамж боловсруулагчид уг үйлдлийн системийг дэмжихээ илэрхийлж, хэрэглэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Өнөөдөр Линус Торвальд Transmeta компанид өндөр албан тушаал хашдаг хэдий ч Linux үйлдлийн системдээ урьдын адил их цаг зарцуулдаг хэвээр байна. | |
|
Total comments: 2 | |
|